Роберт Манделл
Эдийн засгийн профессор
1906 онд Их Британи дахь АНУ-ын элчин сайд, зохиолч, дипломат, сэтгүүлч, улс төрч Вайтлоу Рейд АНУ-ын сэргэн мандалт, хөгжлийн тухай “Орчин үеийн түүхийн агуу баримт” нэртэй лекцийг Кембрижийн Их сургууль дээр уншсан ажээ! Тухайн үед АНУ-ын сэргэн мандалт “орчин үеийн түүхийн агуу баримт” болсон нь тодорхой бус байсан ч зөвхөн хоёрхон зууны дотор жижигхэн колониос дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болсон нь түүхэн баримт байлаа. Зууны эхний арван жил бол зууны эцсийн арван жилд батлагдсан Америкийн давамгайлалын оршил байсан юм. 1914 оноос 1989 он хүртэлх далан таван жилийг мартацгаая!
Миний өнөөдрийн лекц “Америкийн зуун” –д АНУ-ын үүрэг роль гэсэн сэдэвтэй. Би мөнгөний хүчин зүйлийг улс төрийн үйл явдлуудын тодорхойлогч мөн гэдгийг гарган харуулахыг хүсч байна. Ялангуяа энэ зуун дахь улс төрийн олон өөрчлөлтүүд нь АНУ-ын сэргэн мандалт, түүний санхүүгийн гар хөл болох Холбооны Нөөцийн Систем /ХНС/-ийн алдааны үр дагавар болсон олон улсын мөнгөний систем дэх дутмаг ойлгогдсон хэвийн бус өөрчлөлтүүдээс шалтгаалжээ гэдгийг илтгэхийг зорих болно.
Хорьдугаар зуун нилээдгүй өндөр үр ашигтай олон улсын мөнгөний системтэйгээр эхэлсэн боловч энэ нь Дэлхийн нэгдүгээр дайнаар устгагдсан бөгөөд дэлхийн хоёр дайны хооронд буюу нэгдүгээр дайн ба Гитлерийн өдөөсөн хоёрдугаар дайны хооронд тэрхүү системийг сэргээх гэсэн бүтэлгүй оролдлого нь их хямралыг авчирсан юм. Шинэ хэлцэлүүд нь алтан стандартад бус ХНС-ийн долларын бодлогоос илүү хамаарч байжээ. Алттай холбох холбоо нь эцэстээ хүндрэхэд ХНС АНУ-ыг хэзээ ч амсаж байгаагүй буюу ядаж л Хувьсгалын дайны өдрүүдээс хойш туулж байгаагүй их инфляцид өртүүлж байсан юм. Зуун дуусч байх үед ч дахин сургамж авсаны үрээр энэ зуун эхлэхэд байсан тэр системийн зарим давуу талыг шингээсэн бүр цоо шинэ чиг, үзэл баримтлалыг бий болгож байна.
Зууныг салгуу, бараг л тэнцүү 3 хэсэгт хувааж болно. 1900-33 он хүртэлх нэгдүгээр үе нь олон улсын алтан стандартын түүхийг өгүүлэх ба нэгдүгээр дайны үе дэх алтан стандартын уналт, 1920-иод оны буруу менежменттэй сэргээх оролдлого болон 1930-аад оны эхэн үеийн алтан стандартын системийн сүйрэл зэргийг хамарна. 1934-71 он хүртэлх хоёр дахь үе нь долларын девельваци хийснээр болон 35 долларын алтан үнэ тогтоосноор эхэлж АНУ долларын алтан баталгааг үгүй болгосноор дуусна. 1972-1999 он хүртэлх гурав дахь үе нь уян хатан ханшинд орсноор эхэлж үр дагавар нь болсон 1970-аад оны өндөр хурдацтай инфляци, зогсонги байдал, 1980-аад оны нийлүүлэлтийн талын эдийн засгийн ухааны цэцэглэлт, 1990-ээд онууд дахь мөнгөний тогтвортой байдал руу буцан оролт болон евро бий болсон зэргээр үргэлжлэв. Зууны эхний арван жилтэй харьцуулахад хорьдугаар зууны төгсгөлд бидний мөнгөний систем дутмаг буюу алдагдалтай л байгаа бөгөөд энэ нь ирэх жилүүдэд гүйцэтгэх ёстой дуусаагүй ажил байгаа гэдгийг сануулж байна.
I. Алтан стандартын алдаатай менежмент
Хорьдугаар зууны эхэн үеийн олон улсын алтан стандарт нь худалдаа, төлбөр, капиталын хөдөлгөөнийг тун аятайхнаар зохицуулж чадаж байв. Өөрөө өөрийгөө зохицуулах чадвар өндөртэй тохируулгын механизмаар улс орнуудын төлбөрийн балансын тэнцвэр тогтмол ханшны түвшинд хадгалагдаж байлаа. Дэлхийн үнийн түвшин урт хугацаанд өөрчлөгдөх хандлагатай байсан байж болох боловч тухайн жилүүдийн инфляци, дефляцийн түвшин харьцангуй доогуур байсан ба нэг нэгнийхээ нөлөөг харилцан дарж байснаас урт хугацаанд мөнгө үнэ цэнэ алдагдахгүй байв. Уг систем дэлхий дахинд мөнгөний интегралчлал, тогтвортой байдлыг сайтар хангаж өгч байсан билээ.
Гэхдээ олон улсын мөнгөний системүүд нь статик шинж чанартай биш юм. Системүүд дэлхийн эдийн засгийн хүчний хувиарилалттай нийцтэй байж, зохицож хувьсаж байх ёстой. Алт, мөнгө, эсвэл хоёр металт мөнгөний стандартууд өөрөө өөрийгөө зохицуулдаг /automatic/ зохицуулалтын бодлоготой төвлөрсөн бус шинжтэй орчинд хамгийн тохиромжтой байсан. Харин дэлхийн нэгдүгээр дайн эхлэхийн өмнөх жилүүдэд хүчирхэг орнуудын төв банкууд мөнгөний системд олигополь шинж чанартай болж эхэлсэн юм. Алтан стандартын тогтвортой байдал, үр ашиг нь цөөн, томоохон төв банкуудын дискрет бодлогуудаас илүү хамаарах хандлагатай болж эхэллээ. 1913 онд АНУ-д Холбооны Нөөцийн Системийг бий болгосон нь энэхүү хандлагыг улам ширүүсгэв. Холбооны Нөөцийн Системийг удирддаг Холбооны нөөцийн зөвлөл эдийн засгийн мөнгөний хүчийг төвлөрүүлж ойролцоо өрсөлдөгч болох Их Британи, Германаас 3 дахин илүү хүчтэй болов. Иймээс үнэн хэрэгтээ алтан стандартын түүх нь Холбооны Нөөцийн Системийн түүх болон хувирсан юм.
Дэлхийн нэгдүгээр дайн алтан стандартыг тогтворгүй болгосон. Энэхүү тогтворгүй байдал нь Европын дайтагч улсууд төсвийн алдагдлын улмаас алтан стандартаас татгалзсанаар эхэлсэн ба алт зөвхөн АНУ руу урсаж, шинэхэн байгуулагдсан ХНС эдгээр алтыг мөнгөжүүлэхдээ долларын үнийн түвшинг хоёр дахин өсгөж алтны бодит үнэ цэнийг хугаслаж орхилоо. Дайны дараа ч ХНС-ийн буруу бодлогоос шалтгаалж тогтворгүй байдал үргэлжилсээр л байлаа. 1920-21 оны уналтын үед алт болон долларын үнийн түвшинг дайны өмнөх тэнцвэрт түвшингийн 60 хувьд хүргэсэн дефляцийг бий болгож, хүргэсэн үнийн түвшингээ 1929 он хүртэл хүчээр барьсан ажээ.
Үүнээс болж Герман, Британи, Франц улсуудаар толгойлуулсан дэлхийн бусад улсууд алтан стандартад эргэж нэгдэхэд хүрлээ. Дайны өмнөх тэнцвэрт түвшингээс дэлхийн үнийн түвшин (доллараарх) 40 хувь дээгүүр, харин алтны нөөцний болон нийлүүлэлтийн бодит үнэ цэнэ харьцангуй доогуур байсан нь тун ч хүндрэлтэй асуудал болов. Тухайн үед мөнгө болон хэрэглэгдэх алтны нөөц үнэхээр тэгш бус хувиарлагдсан байсан ба зөвхөн АНУ-д тал илүү хувь байсан юм. Дээр нь ханшны болон дайны төлбөрийн /алтаар төлөгдөх ёстой/ тодорхой бус байдал нь алтны эрэлтийг өсгөв. Ийм нөхцөлд алтан стандартанд эргэн орсноор бий болсон алтны эрэлтийн өсөлт нь дефляцийг бий болгох уу, үгүй юу? гэсэн хурц асуулт тавигджээ. Францын Чарлз Рист, Австрийн Людвиг вон Майзэс, Шведийн Густав Кастель нарын цөөхөн эдийн засагчид энэ нь дефляцийг бий болгоно гэж үзэж байлаа.
Кассель бүр Британийг алтан стандартанд буцаж орохоос өмнө буюу 1925 онд үзэл бодлоо дараах байдлаар илэрхийлж байв.
“Мэдээж хэрэг алтан стандарт нь тухайн улсын эзэмшиж буй алтны үнэ цэнээс илүүтэйгээр тухайн улсын үнийн түвшний тогтвортой байдлыг баталгааг хангаж чадахгүй юм. Нэгэнтээ үнийн ерөнхий түвшний тогтвортой байдлыг хүсч буй нөхцөлд бидний алтан стандартыг дахин сэргээх ажил алтны үнэ цэнийг аль болох тогтмол байлгах оролдлогуудтай зайлшгүй хавсарч байх ёстой. Алтны өнөөгийн элбэг дэлбэг байдал магадгүй 10 жилийн дотор буюу харьцангуй богино хугацааны дотор тодорхой болох алтны үйлдвэрлэлийн бодит байдал болон тасралтгүй өсөн нэмэгдэж буй эрэлтээс хамааран байхгүй болж энэхүү үнэт металын хомсдолыг бий болгон улмаар үнийн түвшинг бууруулна... ” гэж бичиж байв.
Алтан стандартад буцан орсны дараа, Кассель өөрийн үзэл бодлын чиг шугамыг дагаж хямралаас зайлсхийх, хамгаалахын тулд алтыг мөнгө болгон хэрэглэх хэрэглээг хэмнэхийг сануулж байлаа. Тэрээр 1928 онд бичихдээ:
“Бидний өмнө тулгараад байгаа хамгийн бэрхшээлтэй асуудал нь өсч буй эрэлт, буурч буй нийлүүлэлтээс давхар хамаарч нэмэгдсээр байгаа алтны хомсдолыг хэрхэн яаж шийдэх вэ гэсэн асуудал юм. Бид алтыг мөнгө болгон хэрэглэх эрэлтийг системтэйгээр хязгаарлах замаар энэ асуудлыг шийдэх ёстой. Үүнийг бид зөвхөн үнийн ерөнхий түвшний байнгын бууралтаас болон энэхүү бууралтаас шалтгаалан бий болж болох дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн ужгирах хямралаас сэргийлж байж шийдэж чадна.“ гэжээ.
Рист, Майзэс, Кассель нарын зөв болох нь батлагдсан юм. 1920-иод оны сүүл үед дефляци аль хэдийн эхэлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд болон түүхий эдийн үнэ уналаа. Өөр нэг илрэл нь 1929 оны Волл стрийтийн сүйрэл юм. Улмаар 1930 оноос дефляци газар авлаа. Янз бүрийн улс орнуудад бөөний худалдааны үнийн түвшин 1929 онд өндөр байснаа 1931 оны 9-р сар (Англи алтан стандартаас татгалзсан сар) хүртэл хэдэн хувиар буурсныг үзүүлбэл: Японд 40.5 хувь; Нидерландад 38.1 хувь; Бельгид 31.3 хувь; Италид 31.0 хувь, АНУ-д 29.5 хувь; Их Британид 29.2 хувь; Канадад 28.9 хувь, Францад 28.3 хувь; Германд 22.0 хувиар тус тус буурсан байх бөгөөд энэ нь дефляци дэлхий нийтийг хэрхэн хамарсаныг илтгэж байна.
Доллараар илэрхийлэгдэх үнэ 1932, 1933 онуудад хамгийн доод түвшинд хүрэв. 1914 оноос 1934 он хүртэлх үнийн түвшингүүд Хүснэгт 1-д өгөгдөв.
Хүснэгт 1. Бөөний худалдааны үнүүд, 1914-33
|
Он |
1930 = 100 |
Он |
1930 = 100 |
|
1914 |
78.4 |
1924 |
113.5 |
|
1915 |
80.5 |
1925 |
119.7 |
|
1916 |
98.9 |
1926 |
115.7 |
|
1917 |
135.9 |
1927 |
110.5 |
|
1918 |
152.0 |
1928 |
112.1 |
|
1919 |
160.3 |
1929 |
110.1 |
|
1920 |
178.7 |
1930 |
100.0 |
|
1921 |
113.0 |
1931 |
84.3 |
|
1922 |
111.9 |
1932 |
75.3 |
|
1923 |
116.4 |
1933 |
76.2 |
Эх үүсвэр: Бөөний худалдааны үнийн индекс, Хөдөлмөрийн Статистикийн Товчоо, Жастрамын (1982: 206) 21-р хүснэгтээс авав.
Олон арван жилийн туршид эдийн засагчид 1930-аад оны их хямрал, дефляцийн шалтгааныг тодруулахаар маргалдсаар байна. Энэ асуудлаар асар их судалгаа шинжилгээ, бүтээл гарсан ч гэрэлтэй талыг буюу шийдлийг бус харин халуун талыг буюу маргалдааны даамжралыг л бий болгож байна. Энэхүү маргааны нэг үүсвэр нь их хямралын шалтгаан юу байсан бэ гэдэг асуудал байв. Хямрал нийт эрэлтийн уналтаас шалтгаалав уу, эсвэл мөнгөний нийлүүлэлтийн бууралтаас хамаарав уу? .... Мэдээж хэрэг аль алинааас л хамаарчээ! Харин ямар ч онол, монетарист ч тэр, Кейнсийнх ч тэр, нийт эрэлтийн болон мөнгөний нийлүүлэлтийн уналтыг урьдчилан таамаглах боломжгүй л байсан юм. Эдгээр онолууд Дэлхийн нэгдүгээр дайны үеийн болон дайны дараахь үеийн алтан стандартын нөлөөг тусгаж чадахгүй богино хугацааны хаалттай эдийн засгийн загварт тулгуурлаж байв. Эсрэгээр, алтан стандартад эргэн орсоноор дефляци бий болно гэсэн онол нь таамаглаж чадах боломжтой байсан төдийгүй зөв, бодитой таамагласныг нь бид дээр тэмдэглэсэн билээ.
Дефляцийн сүүдэр дарах үед алтан солилцооны стандарт аль хэдийн дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байлаа. 1931 оны хавар төв европын хамгийн том банк болох Веннийн Кредитансталд банк дампуурч Герман болон Англид гинжин нөлөөлөлийг үзүүлснээр алтан солилцооны стандарт сүйрлийн шатандаа оров. Германд алтан стандартын эсрэг хатуу бодлого барьж урьд өмнөх хязгаарлалтуудаа сэргээмэгц 1931 оны 9 сарын 21-нд Их Британи фунт стерлингийн алтан баталгааг авч хаялаа. Австрали, Бразил, Чили, Шинэ Зеланд, Парагвай, Перу, Уругвай, Венесуэль зэрэг нилээд хэдэн улсууд Британаас өмнө алтан стандартаас татгалзсан бол Австри, Канад, Унгар, Герман зэрэг улсууд хяналт тогтоосон байлаа. Британи алтан стандартаас татгалзсаны дараа маш олон улс орнууд Британийг дагаж алтан стандартаас гарцгаалаа.
Энэ үед АНУ алтан стандартадтай зууралдсаар л байв. Алтан стандартыг тогтоон барихаас илүүгээр үнийн түвшний тогвортой байдлыг зорилготой ухаалаг бодлогод шилжсэнээр тодорхой амжилтанд хүрсэн боловч 1930 -аад оны эхээр байдал бүр “долоо дордов.”
Сиситемд уян хатан хандаж зохицуулалт хийх биш зөвхөн алтан стандартыг хамгаалах замыг АНУ сонгосон юм. Британийг алтан стандартаас татгалзсаны дараах хэцүүхэн үед 1931 оны аравдугаар сард ХНС редискаунтын хүүгээ хоёр алхамаар өсгөж 1-ээс 3 хувь болгосон нь эдийн засгийг дефляци, хямралын ангалд улам доош нь унагаж банкны системийн хямралыг хурцатгасан байна.
Бидний харсанчлан 1929 оноос 1933 оны хооронд бөөний худалдааны үнийн түвшин 35 хувиар буурчээ. Мөнгөний дефляци санхүүгийн шокуудаар дамжин эдийн засгийн хямрал болон хувирлаа. Гадаадад хариу сөрөг үйлдлийг өдөөсөн Смут-Холийн татвар нь эхний шок болсон бөгөөд 1929 оноос 1933 онд АНУ-ын импорт 30 хувиар багассан бол экспорт үүнээс ч илүүгээр буюу бараг 40 хувиар багасчээ. 1932 оны 6 сарын 6-нд төсвийг балансжуулах гэсэн харалган бодлогын улмаас АНУ-ын энх тайван цаг үеийн түүхэнд байгаагүй өндөр татварын хувийг тогтоосон Америкийн хамгийн муу хуулиудын нэг болох 1932 оны “Орлогын акт“-ыг ардчилсан конгресс баталж, ерөнхийлөгч Херберт Хоовер гарын үсэг зурав. Ажилгүйдэл 1933 онд ажиллах хүчний 24.9 хувьд хүрч, нэрлэсэн ДНБ 57 хувиар, бодит ДНБ 22 хувиар тус тус буурлаа.
Банкны систем бүрэн хямралд орлоо. 1920-иод онд жилд дунджаар 500 дампуурал гарч байсан бол дампуурлын тоо 1930 онд 1350, 1931 онд 2293, 1932 онд 1453 болсон юм. Франклин Рузьвелт 1933 оны гуравдугаар сард ерөнхийлөгч болсныхоо дараа авсан анхны арга хэмжээнүүдийнх нь нэг нь алтны экспортод хориг тавьсан явдал байлаа. Дөрөвдүгээр сарын хориноос хойш долларын ханш сулрах боломжтой болж зөвшөөрөгдөв.
1930-аад оны эхэн үеийн дефляци нь дайны үед өсөөд 1920-21 онуудын уналтын үед буурч чадаагүй үнийн түвшний тусгал байлаа. Улс орнууд алтан стандартаас гарахад алттай улсуудад үнийн түвшин өсч алтны бодит үнэ цэнэ буурчээ. Улс орнууд буцаад алтан стандартад ороход алтны бодит үнэ цэнэ өсч үнийн түвшин буурсан байна. 1930-аад оны алтны ханшны өсөлт нь дэлхийн нэгдүгээр дайны үед алтны ханшийг унагааснаас урган гарсан ажээ. 1934 оны доллараар илэрхийлэгдэх үнийн түвшин 1914 оны доллараар илэрхийлэгдэх үнийн түвшинтэй яг ижил байв. 1930-аад оны дефляци нь Марксистуудын муулан хэлж байсан шиг “капитализмийн сүйрэл” байсангүй. Харин улс орнууд мөнгөний стандартад нэгдэн орох эсвэл гарч дахин орох үед бий болдог урьдчилан таамаглан харж болох тэр чиг хандлагын л үргэлжлэл байсан ажээ. 1930-аад оны дефляци 1780, 1820, 1870 –аад онуудын үйл явдлын үргэлжлэл л байсан юм.
Зууны энэ хэсэгт болсон үйл явдлын бурууг хэн хүлээх ёстой вэ? Нэгдүгээрт, чухал цаг үед үнэхээр нийцгүй бодлого явуулсан ХНС буруутай. Алт тогтворгүй болсон 1914 – 1921 онуудад алтан стандартыг мөрдсөөр байв. Харин 1920-иод онд үнийг тогтворжуулах бодлого руу шилжсэн нь амжилттай болсон боловч алт буцаад тогтворгүй болсон үед буюу буруу цагт буцаж алтан стандарт руу шилжсэн нь дэндүү алдаатай явдал болсон юм. Хамгийн чухал төв банкуудаас хамгийн туршлага багатай нь буюу “шинэ жаал” өөрөө алтан стандартыг бий болгож өөрөө сөнөөх асар их хүчтэй байсан нь тун харамсмаар баримт болон үлдсэн нь энэ.
Үйл явдалд европийн улс орнуудыг буруутгах үндэслэл алга. Тэдгээр улсууд нь үр дагаварыг нь харгалзалгүйгээр статус квогоо өөрчилж алтан стандарт руу шилжсэн л орнууд юм. Эдгээр улс орнууд ямар нэгэн метал стандартаас гарахад эсвэл стандартад ороход инфляци эсвэл дефляци болдог гэсэн түүхийн сургамжийг анхаарч үзэж чадаагүй нь харамсалтай. Дайны дараа мөнгөний тэргүүлэгч улсад инфляци бий болж алт харьцангуйгаар хямд үнэлэгдсэн нөхцөлд алтан стандартад буцаж орох нь зөвхөн алтны үнэ өссөн тохиолдолд үнийн тогтвортой байдлыг бий болгож чадах байв. Энэхүү боломжийг алдсан ч, алтан стандартын үеийн тогтмол ханшны үр ашийг үгүй хийх Кейнсийн зөвлөгөөг дагахын оронд алтны үнийг бус бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахыг оролдсон нь үр дүнд хүрэх байсан болов уу!
Хэрэв 1920-иод оны сүүл үед алтны үнэ өссөн бол эсвэл голлох төв банкууд алтан стандартыг мөрдөхийн оронд үнийг тогтворжуулах бодлого баримталсан бол их хямрал, нацист хувьсгал, дэлхийн хоёрдугаар дайн аль нь ч болохгүй байх боломж байв.
<!--[if !supportLists]-->II. <!--[endif]-->Доллар стандартын үеийн бодлогын хослол
Жил орчим уян хатан ханштай байж байгаад 1934 оны дөрөвдүгээр сард долларын деведьваци хийгдэсний дараа АНУ алтан стандартад буцаж оров. Энэхүү девельвациар долларын алтан үнэлгээг даруй 40.94 хувиар бууруулж, алтны албан ёсны үнийг 69.33 хувиар өсгөж унцийг нь 35 долларын үнэтэй болголоо. Хэрвээ ерөнхийлөгч Херберт Хоовер 3 жилийн өмнө долларын ханшийг бууруулж девельваци хийсэн бол түүх ямар өөр байх байсан бол!
Франц өөрийн алтан баталгааг 1936 он хүртэл буюу франкийн девельваци хийтлээ барьж байлаа. Тэр жил үнэхээр нөлөөтэй 2 чухал үйл явдал болсон билээ. Нэг нь Кейнсийн Ерөнхий онол хэвлэгдсэн явдал бол нөгөөх нь АНУ, Франц, Британи гурван талт хамтын гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Нэг нь хаалттай эдийн засаг дахь бодлогын менежментийн шинэ онолыг буй болгосон бол нөгөөх нь шинэ олон улсын мөнгөний систем дэх валютын ханшны менежментийн зарим зохицуулалт, дүрмүүдийг бий болгож Бреттон Вуудсын гэрээний үүсвэрийг тавьсан юм.
Дээрх хоёрын зөрчилдөөн тун хурцадмал байж болох байв. Тухайн үед үндэсний эдийн засгийн менежментийн Кейнсийн бодлогуудыг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байх үед дэлхийн эдийн засаг Кейнсийн бодлогуудтай зөрөлдөөнтэй шинэ тогтмол ханшны системтэй болсон байлаа.
1944 онд Бреттон Вуудст батламжилсан шинэ хэлцэлээр улс орнууд өөрсдийн валютуудын ханшийг алтаар тогтоон валют хоорондын ханшийг тогтмол байлгах үүрэгтэй болсон. Гэхдээ шинэ систем нь хуучин алтан стандартаас ихээхэн ялгаатай байв. Тухайлбал АНУ-ын шинэ систем дэх үүрэг роль харьцангуй тэгш бус байлаа. Гэрээгээр бусад гишүүн улсуудын валютын ханшийг тогтмол хадгалахын оронд алтны үнийг тогтмол барьж байх сонголт ямар ч улсын хувьд зөвшөөрөгдөж байжээ. Нэгэнт алттай холбогддог цорын ганц валют нь доллар байсан тул АНУ алтны үнийг тогтмол барьж байх сонголт хийж чадах цорын ганц улс байв. Иймээс АНУ алтны үнийг тогтмол барьж байх, харин бусад улсууд өөрсдийн валютын доллартай харьцах ханшийг тогтмол байлгаж байх гэсэн тэгш бус шинж чанартай гэрээ болчихов. Шинэ системийн өмнөхөөсөө ялгаатай нэг тал нь АНУ улс ч хүртэл бүрэн алтан стандарттай гэж хэлэгдэхээргүй нөхцөл байдал бий болсон явдал юм. Доллар өмнөх үеийнх шиг алтнаас “аргамжаатай” бус харин дэлхийн үнийн түвшин болон алтны бодит үнэтэй хамааралтай болж улмаар АНУ дэлхийн үнийн түвшинд хүчтэй нөлөөлөх боллоо. Энэхүү системд алт нь “жолооч” бус “зорчигч” –ийн үүрэг гүйцэтгэх болов.
Бреттон Вуудс-д шинэ систем бий болов уу? Эхний төлөвлөлтүүдээс харвал шинэ систем үүссэн ч юм шиг. Британи болон АНУ-ын төлөвлөгөөнүүд хоёул дэлхийн мөнгийг бий болгоход чиглэгдсэн бөгөөд Жон Мейнард Кейнс өөрийн “bankor”-тай, харин Харри Декстер Вайт өөрийн “unitas”-тай байв. Харин эдгээр “алсыг харсан” санаанууд тун ч удалгүй булшлагдлаа. Америкчууд доллар дэлхийн мөнгө болно гэдэгт итгэчихсэн байсан нь эргэлзээгүй. Иймээс Бреттон Вуудсын систем гэж байхгүй бөгөөд харин аль өмнө үүссэн байсан системийг албан ёсных болгосон Бреттон Вуудсын “тушаа” л байсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайн дэлхийн нэгдүгээр дайны үеийн мөнгөний тэнцвэргүй байдлыг дахин авчирсан билээ. Европт дайны үүл хуралдахын зэрэгцээ АНУ долларын ханшны девельваци хийж байсан зэрэг нь долларыг баталгаат мөнгө болгон дайны барааг худалдан авахад зориулагдах алтыг хүлээн авагч валют болгосон юм. АНУ алтны импортыг чөлөөтэй болгож үнийн хяналт тогтоолоо. Энэ нь алтнаас салалгүйгээр төсвийн алдагдалтай байх боломжийг олгож байв. “Долларын хомсдолтой” энэ үед алт “өндөр үнэ цэнэтэй” байснаас зээлийн хүү маш бага байлаа. 1945 он гэхэд улсын өр ДНБ-ний 125 хувьтай тэнцтэл өсчээ.
Дайны төгслгөлд үнийн хяналтыг чөлөөлсөнөөс болон эрэлтийн гэнэтийн огцом өсөлт, бондын зах зээлийг дэмжих гэсэн ХНС-ийн мөнгөний тэлэх бодлогуудаас хамааран АНУ-ын үнийн түвшин хоёр дахин өслөө. Дайны дараахь энэхүү инфляци нь улсын өрийн бодит хэмжээг тавин хувь бууруулж, эрс өсөх шатлалтай орлогын татварын системээр (92.5 хувь хүртэл өсдөг) татварын орлогыг өсгөж, алтны бодит үнийг тавин хувь бууруулж , алтны хэт үнэ цэнийг байхгүй болгож чадлаа. Солонгосын дайны дараах нэмэгдсэн инфляци, инфляцийн тогтвортой өсөх чиг хандлага зэрэг нь алтны үнэ цэнийг бууруулав.
Энэ үед Герман болон Японд цаасан мөнгөний инфляциас шалтгаалан АНУ-ын эзэгнэлийн засаг захиргааны зөвшөөрөл, дэмжлэгээр мөнгөний шинэчлэлт явагдаж 10 нэгж хууучин мөнгө 1 нэгж шинэ мөнгөн тэмдэгтээр солигдох болов. Эдгээр улсууд дахь шинэчлэлүүд нь 1948 онд нэгэн зэрэг болсон ба Германий хувьд 4.2 дойч марк нэг доллартой тэнцэх болж харин Японы хувьд 360 иен нэг доллартай тэнцэх ханштай боллоо. Энэ ханш Герман болон Японд хөдөлмөрийг доогуур үнэлэхэд хүргэсэн нь батлагдаж, дайны дараахь жилүүдэд эдгээр улсын эдийн засаг хурдацтай өсч Британи болон Францыг давж дэлхийн хоёр дахь болон гурав дахь том эдийн засагтай гүрнүүд болгон хувиргасан билээ.
1960-аад оныг хүртэл АНУ-ын макро эдийн засгийн бодлого олон улсын мөнгөний системийн шаардлагуудаас илүүтэйгээр хаалттай эдийн засгийн зарчимууд дээр тулгуурлаж байлаа. Мөнгөний болон сангийн бодлогууд дотоод баланс болон төлбөрийн балансад чиглэгдэж байсан боловч үр дүнгүй л байв. 1949 онд АНУ алтны нөөцөө дэлхийн мөнгөн алт буюу мөнгө болон хэрэглэгдэх алтны нөөцний 75-аас илүү хувь буюу 700 сая унцид хүргэж дээд амжилт тогтоов. Алтны алдагдал удалгүй эхэлсэн боловч мөнгөний нийлүүлэлт дэх эдгээр худалдааны нөлөө нь засгийн газрын бондыг ХНС худалдан авч байснаас арилж байлаа. Алтны гадагшилт буюу алдагдал нь эхэндээ дэлхийн алтны нөөцийг зөвөөр дахин хувиарлаж буй эерэг үйл явц мэт санагдаж байсан боловч 1950-иад оны сүүл гэхэд нилээд аюултай гэдэг мэдэгдсэн юм.
ХНС өөрийнхөө нийт бэлэн мөнгө болон хадгаламжийнхаа 25 хувьтай (1940 онд 40 хувь байснаа буурсан) тэнцэх алтыг зайлшгүй хадгалж байх ёстой байв. Алтны нөөцийн хэмжээ буурч зайлшгүй байх нөөцийн түвшинээс бага болбол зээлийн хүү өсөх байлаа. Хэрэв алтны нөөц зайлшгүй байх түвшинд хүрвэл АНУ бусад улсуудын адил төлбөрийн балансдаа хязгаарлалт тавих шаардлагатай болох байв. 1961 онд ерөнхийлэгч болсон Жон Кеннедигийн засаглалын үед мөнгөний болон сангийн бодлогын зөв хослолын асуудал анхаарлын төвд орж ирсэн юм.
Тухайн үед би тэрхүү үйл явдалд оролцсон юм. 1961 оны намар ОУВС-гийн Судалгааны хэлтэст шинэхэн ирээд мөнгө-сангийн бодлогын хослолын онолын асуудлуудыг шинжлэх даалгавар авав. Энэхүү “Спутникийн дараах” үед хамгийн хүндрэлтэй асуудал нь Герман, Японтой харьцуулахад АНУ-д ажил эрхлэлт дутмаг, өсөлтийн хурд удаан байсан явдал бөгөөд төлбөрийн балансын алдагдал бас сэтгэл зовоож байлаа. Сэтгэлгээний гурван сургууль бий болоод байв. Эдийн Засгийн зөвлөхүүдийн консулын анхны дарга асан Леон Кейсерлингээр удирдуулсан Кейнсчүүд “хялбар” мөнгө болон засгийн газрын зардлыг өсгөхийг шаардаж байлаа. Худалдааны танхим санхүүгийн хязгаарлалт, мөнгөний хатуу бодлого хэрэгтэй гэж үзэж байв. Эдийн засгийн зөвлөхүүдийн консул Самуэльсон-Тобины “ш
1 сэтгэгдэл:
Хам нь ийм юм сонирхдоггүй л дээ. Илүү чөлөөтөй сэтгэл хөдөлгөсөн юманд дуртай. Гэхдээ хэрэгтэй юм их байна. Баярлалаа.