сэтгэл судлаачид юм хийгээд байна шүү
2008 оны 07-р сарын 31, Нийтэлсэн munkhuu411“Сэтгэл судлал XXI зуунд” эрдэм
шинжилгээний бага хурлаас
Сэтгэл судлалын шинжлэх ухааны анхны Доктор, профессор Дамдинжавын Санжжав агсаны мэндэлсэний 80 насны ойг тохиолдуулан “Энх-Орчлон” дээд сургуулиас “Сэтгэл судлал XXI зуунд” сэдэвт хүндэтгэлийн эрдэм шинжилгээний бага хурлыг сэтгэл судлалын мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын эрдэмтэн Доктор, профессорууд, мэргэжлийн багш нар болон практик ажилтануудын дунд 1 сарын 28 ны өдөр амжилттай зохион явууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлаар Д.Санжжав агсаны сэтгэл судлалын мэргэжлийг монгол улсад хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчилан таниулах, энэ үйл хэргийг үргэлжлүүлэн сэтгэл судлалын шинжлэх ухааныг цаашид хөгжүүлэн, дэлгэрүүлэх талаар голчлон яригдав.
Хуралд сэтгэл судлалыг монголд хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн сэтгэл зүйчид Д.Санжжав агсантай олон жил хамтран ажилласан номын нөхөд нь хүрэлцэн ирсэн. Тухайлбал ахмад багш О.Онхоон, МУИС-н сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Б.Туяа, багш Доктор, профессор Л.Уранцэцэг, Доктор, дэд профессор Ж.Даваа, Улаанбаатар дээд сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Т.Намжил, ахмад багш нарын холбооны гишүүн Н.Нямжав, Удирдлагын академын багш Доктор, профессор Д.Доржжав, МУБИС-н сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор, профессор О.Мягмар, багш Доктор, профессор Д.Эрдэнэчулуун, Доктор, профессор П. Цэрэндондов, Эмгэг судлаач Доктор, процессор Н. Орёол нар байлаа.
Хүндэтгэлийн эрдэм шинжилгээний бага хурлыг “Энх–Орчлон” дээд сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч дэд профессор Ц. Нина нээж, Д.Санжжав агсаны гэргий болон түүний шавь, Доктор, профессор П.Цэрэндондов нар хүндэтгэлийн илтгэл тавьлаа. Хуралд нийт 15 илтгэл ирсэнээс 2-р шатанд 9 илтгэл хэлэлцэгдэж “Энх-Орчлон ” дээд сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч дэд профессор Ц. Нина “Монгол сэтгэлгээний сэтгэл зүйн зарим асуудал” сэдвээр I байр, МУИС-н сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн багш Доктор, дэд профессор Ж.Даваагийн “Мэдээлэл харилцааны технологийг сургалтанд хэрэглэхийн дидактик ба сэтгэл зүйн зарим асуудал” сэдэвт илтгэл удааллаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд МУИС-н сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Б.Туяа, МУБИС-н сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Доктор, профессор О.Мягмар, Д.Санжжав агсаны гэргий ахлах багш Ц.Жодвон нар байв.
Хурлын үеэр Д.Санжжав агсаны үйл хэргийг өндрөөр үнэлж санал сэтгэгдэлээ хуваалцлаа. Тэдгээрийн заримаас нь дурьдвал МУИС-н сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн ахмад багш Доктор, профессор Л.Уранцэцэг: Д.Санжжав багш монгол оронд сэтгэл судлалын шинжлэх ухаан хөгжих үйл явцын эхлэлийг тавьсан пионер юм. Энэ нь пионерын удирдагч гэсэн үг биш харин аливаа юмны эхлэлийг тавигч гэсэн утгаар сэтгэл судлалын шинжлэх ухаанаар Ленинград хотноо анх удаа монгол хүн дэд эрдэмтэний цол хамгаалсан, сэтгэл судлалын шинжлэх ухааны анхны доктор монгол эрдэмтэн, анхны сэтгэл судлалын тэнхим, анхны сэтгэл судлалын лаборатори байгуулсан, монгол хэл дээрх сэтгэл судлалын шинжлэх ухааны анхны сурах бичиг, гарын авлагыг зохиогч, монголдоо сэтгэл судлалын мэргэжилтэнг бэлтгэх ажлын үндэс суурийг анхлан тавьж хувийн дээд сургуулийг байгуулсан гэдэг утгаар нь хэлж байгаа юм.
Цаашид сэтгэл зүйчид юу хийх вэ? гэдэгт МУБИС-н СС-ийн тэнхимийн эрхлэгч Доктор, профессор О.Мягмар багш: сэтгэл судлалын шинжлэх ухааныг хэрэглээ рүү буулгах шаардлагатай байна гэдгийг дурьдаад иргэдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж нийт сэтгэл зүйч нартаа зөвөллөө. “Энх-Орчлон” дээд сургууль сэтгэл судлалын тэнхимийнхээ дэргэд сэтгэл зүйн зөвлөгөөний кабинет, сэтгэц оношлогооны кабинет байгуулан ажиллаж байгаа нь Доктор, профессор О. Мягмарын сэтгэл зүйчдэд өгч буй зөвлөгөөтэй уялдаж байгаа нь сайшаалтай байлаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал нь сүүлийн үед сэтгэл судлалын шинжлэх ухаанд үгүйлэгдээд байсан томоохон цугларалт, хэлэлцүүлэг, монголын сэтгэл судлалын ухааны томоохон эрдэмтэдийн чуулга уулзалтын хэмжээнд болж өндөрлөлөө.
Тус сургуулийн сэтгэл судлалын тэнхим нь сэтгэл судлалын шинжлэх ухааныг хэрэглээрүү шилжүүлэх, иргэдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх үүднээс хэд хэдэн дорвитой ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагийн хамгийн эхнийх нь дээрх бага хурал байлаа.
Одоо ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Эмоци-2008” сэдэвт гэрэл зургийн уралдаан, сэтгэл судлалын мэргэжилтэй холбоотой реалити шоу зэргийг зохион явуулахаар төлөвлөөд бэлтгэл ажилдаа ороод байна.
Тус сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн дэргэдэх Сэтгэц оношлогоо, Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинет нь сэтгэл судлал, нийгмийн ажлын мэргэжлээр сурч буй оюутнуудыг дадлагажуулаад зогсохгүй, иргэдэд үйлчилж байгаа нь сэтгэл судлалын эрдэмтэн багш нарын талархалыг хүлээсэн юм.
“Энх-Орчлон” дээд сургуулийн сэтгэл судлалын тэнхим нь өөрийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлүүдээ нийгэм цаг үеийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бизнесийн сэтгэл зүйч, хүүхдийн сэтгэл зүйч, хөдөлмөрийн сэтгэл зүйч, , нийгмийн сэтгэл зүйч болгон шинэчлэн элсэлт авахад бэлэн болоод байна.
Сэтгэгдэлгүй байна